Sunday, April 15, 2007

Иргэдийн улс төрийн оролцоо

“Ардчилсан тогтоцтой улс оронд өөрийн орны ард иргэддээ улс төрийн оролцоог нь хуулийн дагуу албан ёсоор олгосон байдаг” гэж иргэдийн улс төрийн оролцоог томъёолжээ. Үүнээс харвал манай орны ард иргэд улс төрийн оролцоогоор бүрэн хангагдсан мэт ойлгогдоно. Үндсэн хуулиндаа ч иргэдийн улс төрийн тэгш оролцоог тусгасан байдаг. Гэхдээ яг дээр томъёолсончлон манай иргэд улс төрд бүгд тэгш оролцож шийдвэр гаргах түвшинд нөлөө үзүүлж, өөрсдийн эрхээ хамгаалж, улс орны хөгжил зөв голдрилдоо ороход хүн бүр хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэвэл бас л эргэлзээтэй.
Нэн ялангуяа өнгөрсөн 20-р зуунд нийгмийн коммунист тогтолцооноос болоод жирийн иргэдийн улс төрийн оролцоо гэдэг ойлголт амьдрал дээр огт байгаагүй, онолын хувьд тунхагийн чанартай байсан гэж ойлгож болно. 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт: “…Бүх Монгол улсыг Үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс.” гээд “…Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, мөн энэ хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж тунхаглажээ. Улсын дээд эрхийг жирийн ардад эдлүүлнэ гэсэн хэдий ч амьдрал дээр жирийн иргэдийн улс төрийн оролцоо гэж бараг байсангүй. Сонгох эрхээ эдэлдэг хэдий ч дээрээс тулгаж өгсөн ганц хүний нэрийг өөр сонголтгүйгээр дугуйлах төдий л эдэлж байв. Ийм нөхцөлд иргэдийн улс төрийн оролцооны талаар ярихын ч хэрэггүй байлаа. Жирийн иргэд нь тухайн нийгмийнхээ тогтолцооны эрэг шураг төдий л байсан хэрэг. Тухайн нийгмийн тогтолцоо нь тийм байсан юм.
Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө олж, 1992 онд батлагдсан үндсэн хуулиндаа иргэдийн улс төрийн оролцооны талаар тов тодорхой зааж, хэнээс ч хараат бусаар иргэд улс төрд оролцож болохыг тунхаглаж өгсөн билээ. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заажээ. Энэ мөчөөс хойш бид улс төрд хараат бусаар чөлөөтэй оролцож, сонгох сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлж байна.
Гэхдээ өнөөгийн Монголын ард иргэдийн улс төрийн оролцоог авч үзвэл
- Идэвхгүй буюу эрхээ бүрэн ойлгоогүй хэсэг
- Идэвхтэй хэсэг гэж 2 хуваан үзэж болмоор санагдана
Ер нь монгол хүний улс төрийг ойлгох ойлголт, төрийг үзэх үзэл, жирийн иргэд улс төрд оролцоог уламжлалаар нь авч үзвэл их сонин ойлголт гарч ирнэ. Уламжлал хөөж үзвэл 20-р зууны эхэн хүртэл хаант засагтай байж байгаад гэнэт коммунист тогтолцоонд шилжиж 1990-ээд оноос л иргэдийн эрх, эрх чөлөө, улс төрийн тэгш оролцоо гэсэн ойлголтууд бий болж эхэлсэн. Төр гэгчийг нилээд бурханчлан шүтэж ойлгодог, төрийн сүлдэндээ залбирч ирсэн ард түмэн. Дээр өгүүлсэн сонин ойлголт гэж юуг хэлээд байна гэвэл “төрийн төлөө оготно боож үхэх” гэсэн уламжлалт ойлголтыг хэлээд байгаа хэрэг. Ардчилсан тогтцод шилжээд иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг тунхаглаад арван хэдэн жил өнгөрсөн хэдий ч энэхүү “төрийн төлөө оготно” гэсэн ойлголт одоо хэр нь хүмүүсийн ой тойнд нилээд гүнзгий байсан хэвээр байна. Энэхүү ойлголтонд төрөө дээдлэх уламжлалт монгол сайхан үзэл байгаа хэдий ч нөгөө талаар төрд жирийн миний оролцоо илүүц гэсэн буруу талын ойлголт нь илүү давамгайлаад байх шиг санагддаг. Ингэснээрээ жирийн иргэд өөрсдийн улс төрийн эрхээ эдэлж чаддаггүй, улс төрийн оролцоо гэдгийг ерөөсөө л өөрөөсөө хол хөндий, хүрч болшгүй зүйл мэт ойлгоход хүрдэг.
Нөгөө талаар энэхүү улс төрийн оролцооны сул дорой идэвхгүй байдал нь иргэдийн боловсрол, мэдлэг, мэдээлээр дутагдалтай, орлогын хэмжээ бага байдаг зэрэгтэй холбоотой. Бас дээр өгүүлсэн монгол хүний төрөө дээдэлдэг, төрдөө бүхнийг итгэж даатгадагтай ч бас холбоотой. Энэ бол улс төрд маш идэвхгүй оролцдог нэг хэсгийн тухай дүгнэлт юм. Энэ бол нэг тал нь. Нөгөө талд нь нөгөө нэг идэвхтэй хэсгийн улс төрийн оролцоо урд өмнө байгаагүйгээр хүчтэй гарч ирж байгаа. Эдгээр нь харьцангуй боловсорсон, гэгээрсэн өөрсдийн эрх чөлөөгөө мэдэрсэн, бас нөгөө талаар улс орны ирээдүйн хувь заяанд санаа зовсон, харьцангуй иргэншсэн залуу үеийнхэн юм. Энэхүү идэвхтэй хэсэг нь эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтанд орж, улс төрийн буруу шийдвэрт нөлөө үзүүлж, нэг үеэ бодвол эрх баригчдаа хянаж чаддаг болжээ. Яг энэ хяналтын талаар онолд юу гэж өгүүлснийг авч үзье. Керол Пейтмэн “Оролцоо ба ардчилалын онол” хэмээх бүтээлдээ “...оролцоот нийгэм оршин байхын үр дүнд тухайн хүн үндэсний хэмжээнд ажиллаж байгаа төлөөлөгчийн үйл ажиллагааг дүгнэж цэгнэх илүү чадвартай болно, шаардлага гарвал үндэсний цар хүрээ бүхий асуудлаар шийдвэр гаргах илүү сайн чадамжтай болно. Мөн түүнчлэн үндэсний хэмжээнд гарсан шийдвэр өөрийнх нь амьдрал, орчинд хэрхэн нөлөөлөв гэдгийг жигнэн тунгаах илүү сайн чадвартай болох юм.” гэж өгүүлжээ. Энэ бол иргэдийн улс төрийн оролцоо идэвхтэй байснаар гарах үр дүнгийн талаарх үнэлэлт юм.
Харин улс төрийн оролцоог онолын үүднээс авч үзвэл “Ардчилалын чанарын өндөр түвшнийг илэрхийлэх үзүүлэлтийн хувьд оролцоо нь зөвхөн сонгуулийн оролцоогоор хязгаарлагдахгүй хийгээд улс төрийн нам, иргэний байгууллагын үйл ажиллагаа, нийтийн бодлогын талаарх хэлэлцүүлэг, сонгогдсон төлөөлөгчидтэй харилцах, хариуцлагыг шаардах, төрийн алба хашиж буй хүмүүсийн үйлдлийг хянах болон орон нутгийн түвшинд нийтийн асуудал боловсруулахад хамааралтай байх зэргээр илэрнэ” гэж томъёолжээ. Яг энэ утгаар нь авч үзвэл манайд идэвхтэй хэсэг буюу иргэний хөдөлгөөнүүд энэхүү эрх үүргээ сайтар биелүүлж чадаж байгаа.
Нэг үе ялангуяа 2000-2004 оны хооронд нэг нам дангаар засгийн эрх барьж байхад нам эвсэл, иргэний байгууллага, ард иргэдийн улс төрийн оролцоонд нилээд саад хийх, үл хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдаж байсан. Жишээ нь сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсдоггүй, жагсаал цуглааныг хориглодог, хүчээр тараадаг, элдэв янзаар саад хийдэг, хэвлэл мэдээллийг дарамталж номхруулдаг худалдан авдаг, сэтгүүлчдийг баривчилж саатуулдаг гэх зэрэг олон сөрөг үзэгдэл гарч байсан. Нийгмийн идэвхтэй хэсгийн улс төрийн оролцоог ингэж боогдуулж байсан тэр үед нөгөө нэг идэвхгүй хэсгийн оролцооны тухай ойлголт гэж бараг байгаагүй гэж хэлж болно. Иймэрхүү явдал улам даамжирвал “...зохион байгуулагдах, эвсэн нэгдэх, тэр бүү хэл санал өгөх нь эрсдэлтэй болж, оролцооны зарчмыг үгүй хийхэд хүргэж цөөнхийн зүгээс улс төрийн нөлөө үзүүлэх аливаа үйлдэл болгоныг нухчин дарах хүртэл арга хэмжээ авдаг” тухай оролцооны гажуудлын талаар онолд дурджээ.
Яг өнөөгийн байдлаар Монголд иргэдийн улс төрийн оролцоо нилээд сэргэж боломжийн хэмжээнд байгаа гэж үзэж болно. Идэвхтэй хэсгээ дагаад идэвхгүй хэсгийн оролцооны талаарх ойлголт ч илт сэргэж байгаа нь харагддаг. Гэхдээ энэ нь хангалттай гэсэн үнэлэлт биш юм.

Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен

Оросуудын хэлж заншсанаар Ким Ир Сен гэх боловч солонгос дуудлагаараа Ким Иль Сон гэж дуудагддаг. Тэрээ цэл залуу 33 насандаа Умард Солонгосын “аугаа их удирдагч” болсон бөгөөд 1994 онд 82 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлтлээ төрийн эрх барьсан юм. Энэ үзүүлэлтээрээ нэгэн төрлийн дээд амжилт тогтоодог. Сталинаас 40 жил Мао Зе Дунаас 20 жил илүү насалж Өмнөд Солонгосын 6 ерөнхийлөгч, АНУ-ын 9 ерөнхийлөгч, Японы 21 ерөнхий сайдыг элээжээ.
Тэрбээр 1912 оны 4 сарын 15-нд /Титаник хөлөг сүйрсэн өдөр/ Пхеньян хотын баруун хэсэгт 3 хүүтэй айлын ууган хүү болж төржээ. Түүний жинхэнэ нэр нь Ким Сон Жү юм. Тэрээр 8 жилийн дунд сургуулийн боловсролтой гэх боловч үнэн хэрэг дээрээ 8 жил ч сурч чадаагүй нэгэн. Дунд сургуулийн сурагч байх үедээ Солонгосын коммунист намын ажил хэрэгт оролцож яваад япончуудад баригдаж 1929 оны 5 сард шоронд оржээ. Энэ үе Солонгос орон Японы колони байсан үе. Шоронгоос гараад Японы эсрэг тэмцэлд тууштай оролцон жинхэнэ нэрээ өөрчлөн Ким Ир Сен гэдэг нэр авчээ. Энэ нь “нар болох, нар мандах” гэсэн утгатай бэлэг дэмбэрэлийн чанартай нэр юм.
Ким Ир сен 19 настайдаа 1932 онд Хятадын коммунист намд элссэнээр зэвсэгт тэмцлийн замд оржээ. Одоо Хойд Солонгост энэ өдрийг Солонгосын Ардын Арми байгуулагдсан өдөр /1932, 4, 25/ гэж тэмдэглэдэг. Тэрээр 1941 онд Зөвлөлтөд очиж Зөвлөлтийн Алс Дорнодын цэргийн ангид цэргийн эрдэмд суралцаж байгаад 1945 оны 9 сард Зөвлөлтийн улаан армийн Хуурай замын цэргийн ахмад цолтойгоор Умард Солонгостоо эргэж иржээ. Эх орондоо ирмэгц Зөвлөлтийн арми, зөвлөхүүдийн тусламжтайгаар засаг төрийн эрхийг авч юуны түрүүнд коммунист чиглэлийн нам байгуулах ажилд шамдан оржээ. 1948 оны 9 сарын 9-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс-ыг байгуулан Сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдын суудалд заларчээ. Ингээд нас бартлаа энэ албыг тасралтгүй барьсан болой. 1972 онд улсынхаа хуулинд өөрчлөлт оруулан Улсын даргын албан тушаалыг бий болгож өөрөө дарга нь болжээ. Мөн 1948 онд Умар Солонгосын Ардын Армийг байгуулан Дээд ерөнхий командлагчийн тушаалыг өөртөө авчээ. Тэрээ 1991 онд өөрийн хүү Ким Чен Ирд бүх албан тушаал эрх мэдлээ өвлүүлэн өгсөн билээ.
Тэрбээр хаадын зүүдэнд ч орохооргүй 5 том шилтгээн харш, үй олон өргөө ордонтой бөгөөд тэнд ямар ч хүн нэвтрэх эрхгүй хаалттай байдаг. Шөнө болгон аюулгүй байдлын үүднээс өөр өөр ордонд унтдаг /Одоо бол Ким Чен Ир/ байна.1980 аад оны үеийн нэгэн тооллогоор Умард Солонгост Ким Ир Сений хөшөө багаар бодоход гучин дөрвөн мянга орчим сндэрлээстэй байна гэсэн тоо гарчээ. 1972 онд 60 насных нь ойгоор түүнд зориулсан 66 фут алтаар бүрсэн хөшөө босгосон байна.
Одоо түүний бүх халааг хүү Ким Чен Ир нь залгамжилж аван үргэлжлүүлж байна
.

Японы шилдэг хайку

Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ сууна...
Намрын үдэш

Үг хэлмэгц
Уруул жиндэнэ –
Намрын салхи

Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо.
Гэрт хичнээн хүйтэн
/Японы Эдогийн үеийн яруу найрагч бүсгүй Тиё нас барсан хүүхдээ санагалзан байж бичжээ. Японы хойт нутгийн өвөл маш хүйтэн. Цаасан цонх л хүйтэн жаврыг хаана. Томоогүй үр цаасан цонхыг хуруугаараа цоолж эцэг эхдээ төвөг уддаг байж л дээ. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихаж. Одоо хэнч цонх цоолж хүйтэн жавар гэрт оруулахгүй. Гэвч дулаан байшинд ямар ч жаргал алга. “Хичнээн хүйтэн”/

Гар дээр суусан эрвээхэй
Хичнээн тунгалаг билээ,
Хэн нэгний сэтгэл шиг

Хаврын налгар өдөр
Хатаахаар дэлгэж тавьсан
Улаан торгоны үнэрийг ээ!

Friday, April 13, 2007

Onch mergen ugs

1. Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг. Харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж хардаг. /Унистон Черчилль/2. Ямагт өөрийнхөө хүрч чадахгүй зүйлд дурлан амьдрах хэрэгтэй өөрөө тэмүүлдэгийнхээ хүчинд л хүн өндөр болдог. /М.Горький/3. Арга заль хэрэглээд аз жаргалд хүрдэггүй амьдралаас баяр жаргалыг олж сурах нь чухал хүн яаж ч хичээгээд гай зовлонг тойрдоггүй муу санааг өөрөөсөө зайлуулж чадах нь гай зовлонгоос холуур явах хамгийн сайн арга билээ. /Хун Зи Чэн/4. Анхны хайр хүнд багтаж ядсан их баяр баясгалан авчирдаг болохоор гадагш гаргаж ярихгүй л бол багтааж шингээдэггүй /А.Дюма/

Алдаагүй илтгэх 10 зарчим

1. Илтгэх сэдвээ сайтар боловсруулах
2.Илтгэлээ цаг гарган бэлдэх
3. Дадлага хийх
4. Өөртэй итгэлтэй байх
5. Ярих нөхцөл байдалаа тогтоох
6. Тэнхимийн талаарх мэдээлэл олж авах
7. Илтгэх зорилгоо тогтоох
8. Сэдвийнхээ талаар нөөц мэдээлэлтэй
9. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглаж сурах
10. ярих аргад суралцах

Wednesday, December 13, 2006

Залуусдаа шинэ жилийн мэнд хүргэе...

Сайн байцгаана уу? юу хийцгээж байна даа. Би та бүхэндээ өдрийн тэмдэглэл бичих нь нэн чухал юмаа гэж хэлмээр санагдлаа. Ялангуяа сайн сайхан зүйлээ бичээд байвал ололтоор дүүрэн харагдана.
Энэ нь өөдрөг сэтгэлийг ургаш нь дуудаж, сэтгэл санаагаар дэмжидэгийн илрэл юм.
Бид мунхаг найзуудынхаа хийсэн тэнэг хэрэгүүдтэй зууралдах хэрэггүй боловуу...
/ Бод, сэтгэ, хэргэл, түгээ/

Monday, December 4, 2006

Оросын илтгэх урлаг

-Баримт нь ихэдсэн яриа
шүлсэндээ хахаад, асахгүй байгаа зуухтай адил
-Өргөлтийг нь буруу дуудах нь
үгийг гуйвуулж хазгай хэрэглэсэнтэй адил сонсгслыг доромжилох явдал.